Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Хүүхдийн хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тулгамдсан асуудлууд
( Судалгааны өгүүлэл )

Э.Лувсандагва, Ч.Өлзийбүрэн, Л.Н.Цветкова

 

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэний (ХБЭ) эмгэг судлал нь хүүхдийн өвчин судлалын шинжлэх ухааны нэг чухал хэсэг юм. ХБЭ-ний өвчний тархалт нь ЗХУ-ын янз бүрийн районд нэгэн түвшинд буюу 1000 хүүхдэд 80—100 тохиолдол байгаа бөгөөд ойрын 15—20 жилд дэлхийн хун амын дунд 30—50% өсөх хандлагатайг тогтоожээ. ЗХУ зэрэг оронд поликлиникт үзүүлэгсдийн тоогоор энэ төрлийн эмгэгүүд амьсгалын замын өвчний дараа буюу 2-р байранд орж байна. Хүн амын өвчлөлийн бүтцэд ихээхэн хувийг эзлэн, нийгмийн эдийн засагт тодорхой хохирол учруулж, дэлхийн олон оронд тархалт нь өсөх хандлагатай зэргээс шалтгаалан ХБЭ-ний эмгэгийн нарийн мэргэжлийн тусламжийг хөгуүүлэх, боловсронгуй болгохын чухал нь харагдаж байна. ЗХУ-д хүүхдэд үзүулэх 8 төрлийн нарийн мэргэжлийн тусламжийн тоонд хүүхдийн ХБЭ-ний эмгэгийн төрөлжсөн тусламж зүй ёсоор ордог.

ХБЭ-ний эмгэгүүд нь хүүхэд насанд эх үүсвэрээ олж, цаашид архагшин, насанд хүрэгсдийн өвчлөлд хүргэдэг нь тогтоогдсон тул эдгээр эмгэгийг эрт илрүүлэн, цаг тухайд нь эмчлэх, хянах нь насанд хүрэгсдийн өвчлөлөөс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах нийгэм-анагаах ухааны ач холбогдолтой арга хэмжээ юм.

ХБЭ-ний эмгэг нь хүүхдийн эмч нарын анхаарлыг эртнээс татаж байв. Манай зууны эхний хагаст хүүхдийн өвчлөл, үхэлд зонхилох байр эзлэж байсан ходоод гэдэсний хурц халдварт өвчний судлалд илүу анхаарч байсан бол эдгээр өвчний тархалт сулрах үед халдварын бус гаралтай архаг эмгэгүүдэд судлагчдын анхаарал төвлөрөх боллоо. Хүүхдийн анагаах ухааны практикт шинжилгээний орчнн үеийн үр дүнтэй, оновчтой аргууд нэвтэрсэн явдал нь ХБЭ-ний урьд өмнө хүрч шинжилдэггүй байсан хэсгүүдийг судлах боломжийг нээж өглөө.

ХБЭ-ний архаг өвчнүүдийн тархалтыг судлаж үзэхэд уг системийн дээд хэсгийн эмгэг зонхилох байр эзэлж байна. Ходоод, дээд гэдэс хаймсуурдах нь эдгээр эрхтэний үйл-оношийн орчин үеийн аргуудын эхлэл байз. Энэ аргыг боловсронгуй болгоснсор улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дотоод орчны хүчил болон ферментийн идэвхийг тодорхойлох, халуун хүйтэн хөдөлгөөн даралтыг хэмжих зэргээр уг эрхтэнүүдийн үйл ажиллагааны олон хэмжигдэхүүнүүдийг судлах бололцоо бий болжээ. Эдгээр нь улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсэнд бүтцийн өөрчлөлт үүсэхээс өмнө үйл ажиллагааны алдагдлыг оношлох боломж олгохын зэрэгцээ эрүүл хүүхдийн ходоод шүүс-хүчил-фермент ялгаруулалтын хэвийн хэмжээг насны онцлогтой нь уялдуулан тогтоох судалгааны гол арга юм.

Саяхан болтол ХБЭ-ний дээд, доод хэсгийн болон цөсний замыг шинжлэх гол арга нь рентген шинжилгээ байв. Харин дуран шинжилгээ нэвтэрснээр ХБЭ-ний эмгэг судлалын хөгжилд «гайхамшигт дэвшилт» болсон юм. Энэ аргыг зөв эзэмшин, техникийн журмын дагуу хийхэд аюулгүй бөгөөд салст бүрхэвчийн байдал, олон тооны сфинктерийн үйл ажиллагааг нүдээр хараад зогсохгүй, салст бүрхэвчээр өчүүхэн жижиг хэсгийг авч гистологийн болон биохимийн аргаар шинжилж, эмгэгийн тархалт, өөрчлөлтийн үе шат, хэлбэр хзмжээг эсийн түвшинд тодорхойлох оношлолын онцгой ач холбогдолтойгоос гадна, эмчилгээний үр дүнг бодитойгоор хянах хамгийн найдвартай арга болж байна. Уг шинжилгээний явцад ходоодны хүчлийн байдлыг тодорхойлох боломжтой юм. ЗХУ-ын хүүхдийн анагаах ухааны практикт дуран шинжилгээний аргыг нярай, дутуу нярай (биеийн жин 950 граммаас дээш үед) хүүхдэд хэрэглэж, нярай үед элбэг тохиолддог ХБЭ-ий хөгжлийн гажиг болон бүтэц-үйл ажиллагааны хямралыг оношлох, эмгэгзүйг танин мэдэх, тайлбарлах, тухайлбал: улаан хоолой ходоод, ходоод дээд гэдэсний сфинктерийн бүтэц-үйл ажиллагааны төгс бус байдлыг оношлоход ашиглаж байна. Шинжилгээний энэ арга нь бүтцийн өөрчлөлт бүхий олдмол өвчнүүд: үрэвсэл, шархлаа, хавдрыг эрт илрүүлээд зогсохгүй төрөлхийн гаралтай хөгжлийн гажгийг зөв оношлох, заримдаа уг эмгэгийн үед зайлшгүй хийж байсан мэс заслын эмчилгээний аргаас зайлсхийх боломжийг бий болгов. Улаан хоолойн эмгэгийг эрт илрүүлснээр өмөнд хүргэлгүй эмчлэх боломж бий болжээ.

Хүүхдийн эмнэлгийн практикт дуран шинжилгээний зэрэгцээ хэт богино авианы шинжилгээ нэвтэрсэн нь элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүдийн оношлолд, онцгой ач холбогдолтой болов. ХБЭ-ний янз бүрийн хэсгийн эмгэгийн онцлог нь дангаар бие даан тохиолдох нь ховор, харин ойр орчмын, хил залгаа хэсгүүдийн өөрчлөлттэй хавсран явагддагт оршино. Энэ нь эдгээр эрхтэний гарал үүсэл нэг, бүтэц-үйл ажиллагааны нягт уялдаа, цус, тунгалгийн системийн болон мэдрэл-шингэний зохицолгооны онцлогтой холбоотой.

Орчин үед ХБЭ-ийн эмгэгийн байршлыг оноож тогтоон шалтгааныг олох, эмгэгзүйг тайлбарлах явдал онцгой анхаарал татаж байна. ХБЭ-ний эмгэгийн бүтцэд ходоод дээд гэдэсний хавсарсан үрэвсэл-гастродуоденит хамгийн олонтаа тохиолддог бол ходоод, дээд гэдэс болон улаан хоолойн дагнасан үрэвслүүд (гастрит, дуоденит эозофагит) «харьцангуй» ховор болох нь ажиглагджээ. Ходоодны архаг үрэвсэл нь уг эрхтэний шархлааны урьдач нөхцөл мөн эсэх нь шийдэгдээгүй асуудлын нэг болж байна. Ходоод, дээд гэдэсний шархлаа нь (95%) дээд гэдэсний луковицийн хэсэгт 2/3 хувийн тохиолдолд олноор үүссэн байх бөгөөд цөөн тохиолдолд уг эрхтэний аль нэг хэсэгт, ганц хоёроор байрладаг болох нь тогтоогджээ. Дуран шинжилгээ нь ходоод, дээд гэдэсний шархлааг эрт илрүүлээд зогсохгүй, эмчилгээний үр дүнг хянах хамгийн найдвартай арга юм.

ХБЭ-ий эмгэгүүдэзс нойр булчирхайн эмгэг нь нэлээд бага судлагдсан хэсэгт орно. Нойр булчирхайн эмгэг нь дангаар тохиолдох нь ховор бөгөөд, элэг-цөсний замын болон дээд гэдэс-ходоодны эмгэгүүдтэй хавсарсан байдлаар олонтаа тохиолдоно. Ингэж хавсраад нэг талаас нойр булчирхайн эмгэгийн илрэх шинж тэмдэг бүрхэгддэг нөтөө талаас уг эрхтэний бүтэц-үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх шинжилгээний оновчтой арга дутагдалтай зэргийн улмаас уг эрхтэний эмгэг гүйцэд оношлогддоггүй байна. Нойр булчирхайн янз бүрийн гаралтай үрэвсэлт өвчнүүд элбэг тохиолддог боловч оношлогдолгүй удаан хугацаагаар явж архагшин, зэргэлдээх эрхтэний үрэвсэлт өөрчлөлтийг даамжруулах, эдгэрэлтийг нь удаашруулах зэрэг муу талтай байдгыг харуулж байна. Нойр булчирхайн үйл ажиллагаа-бүтцийн өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор амилаз болон түүний изоферментүүдийн идэвхийг цус, шээсэнд тодорхойлох, дээд гэдэсний шүүсийг биохимийн аргаар, булчирхайг хэт богино авиагаар шинжлэх аргыг анагаах ухааны практикт хэрэглэж байна.

Элэг-цөсний замын архаг өвчнүүдийг судлах нь хүүхдийн ХБЭ-ий эмгэг судлалын чухал зорилтын нэг. Энэ системийн өвчний оношлолд дээд гэдсийг хаймсуурдах, хураагуур судсанд тодотгогч бодис тарьж, рентгенээр цөсний гэрийн зураг авах, элэгний реографийн арга, радиоизотопийн болон хэт богино авианы аргуудыг хэрэглэж байна. Хэт богино авианы арга нь хялбар, өвчтөний зүгээс онцын бэлтгэл шаарддаггүй бөгөөд оношлох хүчин чадал сайтайгаараа бусад аргаас давуутай. Цөсний гэр, замын үйл ажпллагааны хямралыг эрт үед, нь оношлох эмчлэх нь элэгний, гаднах цөсний зогсонгошил, цөсний гэрийн архаг үрэвсэл, чулуу ззрэг бүтцийн өөрчлөлт бүхий архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх гол арга болж байна.

Нарийн, бүдүүн гэдэсний эмгэг нь хүүхдийн ХБЭ-ий эмгэгүүдээс харьцангуй бага судлагдсан бүлэг юм. Энэ нь рентген, шулуун гэдэс дурандахаас өөр арга байх­гүй байсантай холбоотой. Нарийн гэдэсний салст бүрхэвчийн шимэх үйл ажиллагааны хямралын хамшинжүүд, тухайлбал: түүний удмын гаралтай хэлбэрийн гол төлөөлөгч-целиаки болон лактоз ферментийн дутмагшлын хамшинж нь шийдэгдээгүй асуудлын нэг юм. Саяхан болтол бүдүүн гэдэсний эмгэгийн гол хэлбэр нь бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаа, Кроны өвчин гзж үзэж байв. Улс орон бүрд үрэвслийн бусад хэлбэрүүдийг янз янзаар тайлбарладаг. Архаг явцтай өвөрмөц бус суулгалтыг зарим оронд «бүдүүн гэдэсний салстын цочролын хамшинж» гэж үздэг бол ЗХУ-д «нарийн, бүдүүн гэдэсний халдварын дараах үрэвсэл» (постинфекционный энтероколит) гэж тооцдог бөгөөд үүний үндэс нь салст бүрхэвч дэх тэжээл хямрал-үрэвслийн процесс юм. Энэ маргаантай асуудлыг дуран шинжилгээгээр нарийн-бүдүүн гэдэсний дуран хүрэхүйц хэсгийн салстыг харах, биопси авч бүтэц-үйл ажиллагааны хямралын шинж чанар, хэлбэр, тархалтыг тогтоосны үндсэн дээр шийдэх юм.

Манай оронд хүүхдийн ХБЭ-ий эмгэг судлалын хөгжилт нь хүүхдийн өвчин судлалын бусад салбарын түвшингөөс харьцангуй хоцрогдолтой байна. ЗХУ зэрэг орны судлагчдын тогтоосон нийгэм-анагаах ухааны хүчин зүйлс, мөн тэдгээр оронд хүүхдийн ХБЭ-ий эмгэг судлалын салбарт олсон амжилт зэргийг тооцон, энэ салбарыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, тодорхой төлөвлөгөө, зорилттой хөгжүүлэх хэрэгцээ гарч байна. Тухайн салбарын цаашдын ажиллагаанд нарийн мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл зохих техник, тоног төхөөрөмж, шинжилгээний орчин үеийн хэрэгслүүдийн оновчтой сонголт ихээхэн ач холбогдолтой.

Онош эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон сувиллын газруудыг зөвөөр зохион байгуулах, судалгаанд шинжилгээний нэгдсэн аргазүйг хэвшүүлэх нь чухал юм. Манай орны нөхцөлд хэрэглэж байгаа ХБЭ-ий эмгэгийн оношлох аргуудыг боловсронгуй болгох, элбэг тохиолдож байгаа өвчнүүдийн шалтгаан-эмнэлзүйн онцлогийг байгаль-цаг уурын өвөрмөц байдал, монгол хүүхдийн анатоми-физиологийн болон хоол тэжээлийн онцлог зэрэгтэй уялдуулан судлах явдал шаардлагатай байна.

Онош эмчилгээ, хяналтын эрэмбэ дараа, шатчилсан байдлыг нягт нямбай баримтлах нь знэ төрлийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэн эдгэрүүлэх үндсэн нөхцөл болдог. Юуны өмнө Улаанбаатар хотын райодын ба аймгуудын хүүхдийн поликлиник, амбулаторит гастроэнтерологийн кабинетийг, райодын ба аймгийн нэгдсэн, сум, дундын эмнэлгүүдэд төрөлжсөн палат, хүүхдийн хоолны сувилал байгуулах, мэргэжилтнээр хангах ажлыг зохих журмын дагуу хийх нь эн тэргүүний зорилт болж байна. Нийслэл болон төвлөрсөн хотуудын хоолны сувиллын газрууд хүүхдэд зориулсан ширээг гарган үйлчлэх нь зүйтэй юм.

ХБЭ-ий архаг өвчнийг идэвхтэй илрүүлэх зорилгоор нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэгийг сургууль, цэцэрлэгээр зохион байгуулах, шаардлагатай хүүхдийг цаашид бүрэн шинжлэх, илэрсэн архаг өвчтэй хүүхдийг диспансерийн хяналтад авах, өвчний үе шат, хэлбэрт тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийх нь өвчлөлийг бууруулан, насанд хүрэгсдийн ХБЭ-ий өвчлөлөөс урьдчилан сэргмйлэх гол арга юм.

ХБЭ-ий эмгэгийн үүслийг нөхцөлдүүлдэг олон тооны «эгзэгтэй хүчин зүйлсийг» тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг онолын үндэстэйгээр явуулж байх нь уг төрлийн эмгэгүүдээс сэргийлэх гол нөхцөл болдог. ХБЭ-ий өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд шинжлэх ухааны үндэстзй зөв хооллох, явдал ний­тийн анхаарлыг татаж байна. ЗХУ зэрэг орны эрүүлийг хамгаалах болон боловсролын системийн практик ажиллагааны жишээгээр сургуулиудыг цайны газартай болгох, хүүхдийн насны онцлог, цаг улирлын байдалд тохирсон чанар сайтай хоол ундаар үйлчлэх нь сургуулийн насны хүүхдийн хоол боловсруулах эрхтэний эмгэгээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй хэрэгтэй. Архаг өвчний үүсэлд хүргэдэг гол хүчин зүйлсийн тоонд ХБЭ-ий хурц халдварт өвчнүүд: гэдэсний янз бүрийн гаралтай хурц халдварууд, вирусийн гаралтай элэгний хурц үрэвсэл зэрэг орно. Иймд эдгээр өвчний    өвчлөлийг бууруулах, өвчилвөл төгс эмчлэх, дараах үеийн хяналтыг зөв явуулах нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний салшгүй хэсэг юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 829
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК